Ш.ГААДАМБЫН НЭРЭМЖИТ АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ.

Sunday, March 11, 2012

Ш.Гаадамбын нэрэмжит бүрэн дунд сургуулийн түүхэн танилцуулга

 Тус сургууль 1924 оны 9-р сарын 15-нд “Бага тэнхимийн сургууль” нэртэйгээр байгуулагдан, анх 16 сурагчтайгаар хичээллэж эхэлжээ. Бага сургууль байгуулах тухай шийдвэрийг 1924 оны зуны эхэн сард хуралдсан “Авзага хайрхан уул хошуу”-ны анхдугаар их
хурал гаргаж, түүний үндсэн дээр байгуулагдсан. Ардын засгийн Авзага хайрхан уулын хошууны анхны засаг дарга нь 1923-1924 онд Д.Сундуй /өмнө нь бишрэлт гүн, хошуу ноён/ байсан тул тус сургуулийг үүсгэн зохион байгуулагч нь Д.Сундуй /1896-1937/ юм. /фото/ Харин анхны багш нь Цэвэг-Очирын Шанжмятав бичээч байв. /фото/
      Ц.Шанжмятав /1880-1933/ бол хошууны тамгын газрын бичээчийн алба хашихдаа гэрээрээ хүүхдүүдэд монгол бичиг, ном заадаг байсан тул анх бага сургууль байгуулагдахад тийнхүү багшаар томилогдон багшилж байжээ.
      Бага сургууль өргөжин хөгжсөөр 1950 оны намар “Авзага сумын 7 жилийн дунд сургууль” болон хичээллэж, /захирал нь Г.Рэнцэндорж, хичээлийн эрхлэгч нь Чойжинхорлоо/ анхныхаа төгсөлтийг 1953 оны хавар хийсэн. Тус сургууль нь нутаг залгаа Бүрэгхангай, Дашинчилэн, Гурванбулаг, Могод сумын хүүхдийг хамран сургах үүрэг бүхий сум дундын сургууль байв. 1967 оны намар 8 жилийн бүрэн биш дунд сургууль болж өргөжжээ.
      Тус сургууль 1959 оноос Хишиг-Өндөр сумын… гэж нэрлэгдэн эдүгээ /2009 он/ энэ нэр харьяалалд байна. 1977 оноос 10 жилийн, 2008 оноос 12 жилийн сургалттай бүрэн дунд сургууль болон хөгжиж байна.
      Сургуулийн 50, 60, 70, 80 жилийн ойг төгсөгчдийн хамт өргөн дэлгэр тэмдэглэсэн. Манай сургууль төгсөгчдөөс эх орны энгээр тэлсэн, ажил үйлс сайтай олон арван шилдэг хүмүүс тодорсон билээ.
      УИХ-ын дарга асан Л.Энэбиш, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ууган хөдөлмөрийн баатар алдарт хоньчин З.Очир, төрийн шагналт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч З.Дорж, ардын эмч Ж.Баасанхүү, гавьяат багш Г.Рэнцэндорж, Д.Цэдэв, Д.Бадарч, анагаах ухааны доктор Бадамжавын Болдсайхан, гавьяат барилгачин Н.Могойтор, бизнесмэн Т.Батжаргал, Ц.Анандбазар, улсын гарьд бөх И.Доржсамбуу, улсын заан Д.Амгаа, тэшүүрийн спортын олон улсын хэмжээний мастер Д.Цэнддоо, Г.Мөнх-Амьдрал нарын алдартнуудыг салбар төлөөлүүлэн нэрлэхэд таатай байна.
      Тус сургууль Засгийн газрын 1994 оны 224 дүгээр тогтоолоор Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит болсон. Уг тогтоолд зааснаар: …Ш.Гаадамбын алдар гавьяаг мөнхжүүлэх… зорилгоор Ш.Гаадамбын музейг байгуулж, түүний түүний нэрэмжит “Эх хэл – Монгол бичиг”-ийн олимпиадыг 2002 оноос жил бүр явуулж байна. Манай олимпиадад Булган аймгийн ЕБС-иудаас гадна Өвөрхангай /Хархорин/, Архангай, Хөвсгөл аймгийн нутаг ойр сумдын ЕБС ирж оролцдог. Олимпиадыг МУБИС, МУҮИС, УБ-ын ИС-ийн эрдэмтэн багш нараас ирж зохион байгуулалцдаг. Сод Монгол группын захирал Ц.Анандбазар ивээн тэтгэдэг. Энэ олимпиад болон сургуулийн монгол хэлний сургалтын тухай “Хаан олимпиад” өгүүллэгээс үзнэ үү.
      Тус сургууль монгол хэлбичиг, тэшүүрийн спортын сургалтаараа Д.Цэрмаа захирлын үед улсад алдаршиж байв. Анх 1969 онд монгол хэлбичгийн улсын I олимпиад зохиогдоход Д.Цэдэвийн заасан 8-р анги улсад 2-р байр, дараа жил нь Г.Рэнцэндржийн 8-р ангийн сурагчид 1-р байр эзэлж алдаршсанаас хойш эдүгээ 10 анги хамт олон, 8 сурагч улсад тэргүүн байр эзэлжээ. Улмаар Г.Рэнцэндорж 1975 онд, Д.Цэдэв 1981 онд “Улсын гавьяат багш” цол шагнал хүртсэн. Мөн олон багш яамныхаа дээд шагналын /АБТА/ эзэн болсон. Тэдгээр багш нар сурагчдын үг хөгжил, хэл яриа сэтгэхүйг бүтээлчээр хөгжүүлдэг “Тайлбартай дасгал” гэж нэрлэгдсэн өвөрмөц арга барил, ур чадвартай улс байлаа. Багш нараа тийм арга туршлагатай болгосон захирал бол Д.Цэрмаа байв.
      Сургуулийн тэшүүрийн спортын сургалтын үүсэл хөгжлийн тухай “Билгийн булаг Асгат мандал” өгүүллэгт дэлгэрэнгүй бичсэнээс үзэж болно.
      Сургуулийн өнөөгийн байдлыг танилцуулъя. Спорт заал бүхий 640 хүүхдийн хичээлийн байр, дотуур байрны хоёр барилга, хөдөлмөр сургалтын барилгатай, бүгд улсын төсвөөр баригдсан. Аж ахуйн аргаар барьсан 130 хүүхдийн гал тогоотой. Барилгууд бүгд усан халаалттай. Сургууль 2009-2010 оны хичээлийн жилд 678 сурагчтай хичээллэж, дотуур байранд 125 хүүхэд сууж байна. Нийт 66 хүн алба хашиж, байгаагаас 43 нь сурган хүмүүжүүлэгч багш нар юм. Багш нарын 49% нь мэргэжлийн зэрэгтэй ба улсын зөвлөх багш нэг, тэргүүлэх 10, заах аргач 10 байна. Сургууль 2008 онд интернэтэд холбогдсон. Сургуулийн хамт олон багш, сурагчид “Сурагч бүрийн авьяаст суурилсан чанартай сургалтыг эрхэмлэнэ” гэсэн эрхэм зорилготой.
      Эрхэм зорилгоо дээдлэн бага, дунд суурь боловсролын стандартыг хэрэгжүүлж, сурагчийн авьяас билгийг багаас нь хөгжүүлж буй манай багш нар аймаг улсад үнэлэгдсэн амжилт, үр дүн гаргасаар байна. 1990-ээд оны сүүлчээс англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол хэлний улсын олимпиадаас манай сурагчид хүрэл медальт байр эзэлдэг болсон. Мөн морин хуурын гүнзгийрүүлсэн сургалт олны талархал хүлээдэг. 2008 онд төгсөгчдийн 71% нь төрийн өмчит улсын их сургуулиудад элссэн.
      Сургууль аймагтаа “хангалттай сайн” үнэлгээтэй цөөн сургуулийн нэгэнд үнэлэгдэж явна. АНУ-ын Айдохо мужийн Престон хотын цогцолбор сургуультай манай сургууль түншийн холбоо тогтоон ажиллаж байна. Сургууль баялаг түүхийн музейтэй. Багш нар сургуулийнхаа түүхэн уламжлалт арга туршлагыг орчин үеийн сургалтын шинэ арга технологиор баяжуулан хөгжүүлж, компьютер техник хэрэгсэл эзэмшин сургуулиа амжилттай шинэчилж байна. Цаашид бид сургуулиа “Бүсийн төв, үлгэр жишээ бүрэн дунд сургууль” болгон хөгжүүлэхийг зорьж байна. Үүний тулд:
  • Сургуулийнхаа түүх уламжлалыг дээдлэх
  • Эрхэм зорилго дээрээ эцэг эх, сурагч, багшийн хамтын ажиллагааг өрнүүлэх
  • Багш бүр мэргэжлийн зэрэгтэй болох
  • Анги кабинет бүрийг компьютер техник хэрэгслээр тоноглох
  • Хөдөлмөр технологийн өргөтгөсөн сургалт явуулах
  • Монгол хэл, математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулах
  • Цахим номын сантай болох
  • Сургууль цэвэр, бохир усны системтэй болох, эсвэл халуун усны газартай болох
  • Урлагын заал бүхий өргөтгөл барих
  • Сургуулийн эдэлбэр газраа ойжуулах
  • Сургуулийн туслах аж ахуйг хөгжүүлэх, мал сүргээ өсгөн, усалгаатай ногооны талбайтай болж, дотоод хэрэгцээгээ хангах зэрэг зорилготой ажиллаж байна.